ОЛОН УЛСЫН САЙН ДУРЫНХНЫ ӨДӨР
12-Р САРЫН 5

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1985 оны 40/212 тоот тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдрийг Олон улсын сайн дурынхны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон билээ. Энэхүү тогтоол нь улс орны Засгийн газруудыг иргэдийнхээ сайн дурын үйл ажиллагааг дэмжих бодлогын орчин бүрдүүлэх, сайн дурын байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоог дэмжихийг уриалсан байдаг.

Сайн дурынхны байгууллагуудын сүлжээ нь Олон улсын сайн дурынхны энэ өдрийг 2008 оноос эхлэн албан ёсоор нэгдсэн байдлаар тэмдэглэн ирсэн. Энэхүү өдөр сайн дурынхан болон сайн дурынхантай ажилладаг байгууллагууд бүтэн жилийн турш хийсэн ажлаа олон нийтэд танилцуулж, сайн дурынхны хүчийг нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглүүлэн дайчлах, дэмжихэд анхаарлыг татах кампанит ажил болгон өрнүүлдэг.